Эдийн засаг

Улаанбаатар хот анх удаа үнэт цаас гаргана

Улаанбаатар хот анх удаа үнэт цаас гаргана

Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг гаргах замаар зах зээл дээр бэлэн мөртлөө борлуулагдахгүй байгаа орон сууцуудыг нийслэлийн Орон сууцны корпораци худалдан авч, нийслэлийн иргэддээ түрээслээд өмчлөх хэлбэрээр олгох ажлыг зохион байгуулж эхэлсэн байна. УИХ болон Засгийн газарт танилцуулж холбогдох шийдвэр гарсан бөгөөд одоогийн байдлаар Санхүүгийн зохицуулах хороо, Монгол банк бусад холбогдох байгууллагууд НЗДТГ-тай хамтран нийслэлийн Ипотекийн корпорацыг байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлэхээр бичиг баримт бэлтгэл ажлаа хангаж байгаа аж.

Хотын Захирагч С.Амарсайхан “Өнгөрсөн хугацаанд гэр хорооллын айл өрхүүдийг дахин төлөвлөлтөд оруулах ажил эхлүүлсэн ч зарим ажил амжилттай хэрэгжсэн, зарим нь иргэдийг хохироосон. Тиймээс айлуудыг орон сууцанд түрээслээд өмчлөх ажлыг эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 3000 орчим айл орон сууцандаа орсон, орох шатандаа явж байна. Мөн гэр хорооллын газрыг орон сууцаар сольж байна. Хоёрдугаарт, нэг айл орон сууцанд орвол нэг яндан бууна гэдэг зарчмаар төслийг хэрэгжүүлж байна. Иргэд маань барьцаа төлөхгүйгээр санхүүгийн дарамтад орохгүйгээр орон сууцанд орохыг хүсч байна. НОСК-ыг байгуулж, илүү олон иргэнийг богино хугацаанд оруулах ажлыг хийнэ.

Орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэхэд тал бүрийн ач холбогдолтой. Барилгын компаниуд үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжтой болно. Улаанбаатар хотын хэмжээнд  өнөөдөр 17 мянга 888 орон сууц баригдсан, мөн баригдаж байна. Үүнээс түлхүүр нь бэлэн 4078 орон сууц байгаа. Энэхүү эргэлтэд орж чадахгүй 4078 орон сууцны асуудлыг дээрх аргаар шийдвэрлэснээр хаа, хаанаа харилцан үр ашигтай тусна. Иргэд орон сууцтай, дотоодын барилгын компаниудын үйл ажиллагаа, үл хөдлөх хөрөнгийн зах зээл сэргэх ач холбогдолтой байгаа. Иймээс тавдугаар сард ажлыг эхлүүлнэ. Иргэдийн хувьд тодорхой шалгуураар үе шаттайгаар орон сууцтай болно” гэв.

Эх сурвалж: НЗДТГ