Гайхамшигт амьдрал

Хаалттай Умард Солонгосын "нээлттэй" гэрэл зургууд

Хаалттай Умард Солонгосын "нээлттэй" гэрэл зургууд

Хорьдугаар зууны сүүлчээс эхлэн пуужингийн туршилт, улс төрийн этгээд бодлогоороо дэлхий нийтийн анхаарлыг татаж буй Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс (БНАСАУ) буюу Умард Солонгосын талаар товч мэдээллийг та бүхэнд хүргэж байна. БНАСАУ нь Солонгосын хойгийн умард хагасыг эзэлсэн бүрэн эрхт улс юм. Умард талаараа БНХАУ, ОХУ-тай, өмнөд талаараа Өмнө Солонгос буюу БНСУ-тай Солонгосын цэрэггүй бүсээр хиллэдэг. Өрнө зүгт Шар тэнгис, дорно зүгт Япон тэнгист тулна.

Умар Солонгос нь орон далайн түвшнээс дээш дунджаар 400 м өндөр. Нутгийн 80 хувь уул нуруу бүхий өндөрлөг газар. 50 гаран өндөр уултай. Зүүн болон төв биеэр уулархаг, баруун талдаа нам доор газар оршдог. Хамгийн өндөр цэг нь Солонгосын хойгт нэгдүгээр, далайн түвшнээс дээш 2744 м өндөр Пэгдү галт уул. Хөвч нуруудаас тоочвол зүүн дорно умардын Хамгён нуруу, умард-төв хэсгийн Нанним нуруу, умард хилийн дагуух Каннам нуруу гээд үргэлжилнэ. Хоёр Солонгосыг дамжсан Тэбэг нурууны Көмган уул (1638 м) үзэмж сайхнаараа зартай. Эдгээрт Мантаб-сань (2205 м), Мюхян-сань (1909 м), Матэ-сань (1745 м), Мэбу-сань (1578 м) зэрэг өндөр уулс байдаг.

40 километрээс илүү урттай 138 гол горхи байна. Гол мөрнөөс 790 км урсдаг умард хилийн Ялу гол хамгийн урт нь юм. Түмэн гол 521 км, Пёнъянгаар дайрдаг Тэдун 397 км, өмнөд хилийн Имжинь гол 273 км урттай гэж бүртгэгджээ. Нам доор тал газар байна. Пёнъян, Чэрёнгийн хоёр бусдаасаа эн их. Тариалангийн нутаг 14.4 хувь буюу маш бага, ой мод 61 хувь байна. БНАСАУ-ын нутаг дэвсгэрт газар хөдлөлийн идэвхтэй болон халуун рашааны 124 цэг байдаг.

120 мянган км²  бүхий газар нутагт 24 сая 554 мянган хүн амтай хэмээн 2011 онд бүртгэгдсэн байдаг. Мөнгөний нэгж - БНАСАУ-ын вонь.

Тус улсын түүхээс товчхон дурдвал Кужусониос эхтэй Солонгос үндэстэн VIII зуунаас нэгдмэл болж, Солонгосын хойгт багтан тогтсон. 1910 онд Японы ивээлийн орон болсон бөгөөд 1945 онд буюу дэлхийн II дугаар дайны дараагаар тусгаар тогтножээ. Гэвч ЗХУ, АНУ хоёр улсын хөндлөнгийн оролцоотойгоор хоёр хэсэгт хуваагдсан бөгөөд Зөвлөлтийн талыг барьсан БНАСАУ 1948 онд хойгийн умард хагаст байгуулагджээ. 1950 онд Умар Солонгос өмнөд нутаг руу дайрч нэгтгэх гэсэн боловч АНУ, НҮБ-ийн цэргийг дийлэлгүй 1953 онд дайн өндөрлөсөн. 1991 онд хоёр улс НҮБ-д эрх тэгш гишүүнээр элссэн.

Умар Солонгос улс төрийн эв хамт дэглэм, нийгэм журамт эдийн засаг, нэгдмэл төрийн байгууламжтай, нам төвт нэг намын ноёрхолт тогтолцоотой. Ким Ир Сений байгуулсан улсыг өдгөө ач хөвүүн Ким Чен Ун удирдаж байна. Гадаадынхан БНАСАУ-г хэт дарангуй дэглэмтэй гэж тодорхойлдог. "Чүчэ", "Соньгүнь" зэрэг үзэл баримтлалтай.

Нийслэл хот Пхеньян. хеньян  хот Умар Солонгос орныхоо баруун биед Тэдун мөрний эрэгт байрладаг улсынхаа хамгийн том, ганц саятан хот юм. 1946 онд Өмнө Пёнъань аймгийн харьяанаас салж, бие даасан хот болсон.  Пхеньян хот 19 дүүрэг, 4 хошуу хэмээх засаг захиргааны нэгжээс бүрддэг.

Хот, хөдөө аль алиныг илэрхийлэх өнгө төрх бүхий тус хотын 3,194 км² талбайд  2010 оны байдлаар 3,3 сая хүн оршин сууж байгаа хэмээн тоологджээ.

Дайны дараа хүн амын тоо огцом өсч байсан бол удааширч 2014 он болоход 0.5 хувьд хүрсэн. Мянган хүн тутамд 15 хүн төрж, 9 хүн нас нөхцдөг. Хоол тэжээлийн хүртээмжгүй байдал, өлсгөлөн хүн амын өсөлтөд сөргөөр нөлөөлдөг. Гэрлэлт цуцлах нь бараг байхгүй.

Хүн амын 22 хувь 0–14 насны багачууд, 69 хувь нь 15–64 насны хөдөлмөрийн чадвартай иргэд, 9 хувь нь 65-ээс дээш өндөр настан байна. Хүн амын нягт-198.3 хүн/км², хүйсийн харьцаа жигд, бичиг үсэг тайлагдалт — 99 хувь, дундаж наслалт — 63.

Нэгэн сонирхолтой баримтыг дурдахад, тус улсын эрчүүдэд үсээ 5 сантиметрээс илүү урт ургуулахыг хориглодог бол, настай хүмүүс үсээ 7 сантиметр хүртэл ургуулж болдог гэнэ. Мөн Солонгосын дайнаас хойш төрсөн умардчууд өмнөд солонгосчуудаас бараг 6 сантитметрээр намхан байдаг гэнэ.  Энэ нь өлөн зэлмүүр амьдралтай нь холбон тайлбарладаг. Тодруулбал, БНАСАУ-ын гурван хүүхэд тутмын нэг нь байнга өлөн зэлмүүр байдаг байна.

Гэрэл зургийг earthnutshell.com цахим хуудаснаас авч ашиглав.