Гайхамшигт амьдрал

Чиний хичээл зүтгэл л чамайг аварна...

Чиний хичээл зүтгэл л чамайг аварна...

НУЛИМСАА АРЧ...

Хэн нэгэнд гомдож, хэтэрхий их баярлаж, нулимс унагаах хэрэггүй. Өрөвдүүлэх гэж, эсвэл өш хонзон санаж уйлах бүр ч хэрэггүй. Харин чамайг бусдыг өрөвдөж, хайрлаж сураасай гэж ээж нь хүсдэг юм. Тиймдээ ч цэцэг тарьж, цэцэг усалсангүй хэмээн чамайг загнаж, гөлөг тэжээж, нохойнд түүхий хоол өглөө гэж зэмлэдэг байсан юм. Чамайг шөлнийхөө будааг түүхийрүүлчихсэн байхад би нэг ч удаа зэмлэж байгаагүй. Дахиад л буцалгаж, давсыг нь нэмээд аягалж тавьдаг байсан. Харин өөрөө хоолондоо хүрч чадахгүй өч төчнөөн амьтан чиний замд тааралдана. Тэр бүрт үнэн сэтгэлээсээ хандаж байгаасай гэж хүсдэг байсан юм. Адгуусыг хайрлаж чадвал чи амраг ханиа, алаг үрээ, анд нөхдөө, хүн бүрийг хайрлаж сурна гэдэгт итгэж хэцүү санагдаж байсан ч гэртээ нохой тэжээж, хагдарч унахыг нь харах дургүй хэрнээ цэцэг тарьдаг байсан юм. Чиний сэтгэлд хайр байгаа цагт хүмүүс чамайг минь үргэлж хайрлаж байх болно. Эн эхайр чамайг хязгааргүй баян, хамгаас илүү эрх чөлөөтэй байлгана гэдэгт итгээрэй охин минь.

БИТГИЙ БУХИМД

Амьдрал дандаа инээд хөөртэй байхгүй. Алдаж болно.Битгий цөхөр. Хүмүүс дандаа чам руу харж инээмсэглэж байхгүй. Чи ч дандаа хөгжилтэй байхгүй. Уйлна, дуулна.Санаж байна уу? Ээж нь чамайг уурлахад, бас дуугаа хураахад хүртэл дургүй байсан. Уурлаж бухимдах үед чи юуг ч зөвөөр тунгааж бодож чадахгүй.Тиймээс ямар нэг шийдвэрийг бухимдсан, уурласан үедээ хэзээ ч битгий гаргаж байг гэсэн дээ хичээлээ ууртай давтаж байвал ээж нь чамайг загнаж, дэвтэр номыг чинь хураалгадаг байсан юм шүү үр минь...

НЭР ЦЭВЭР БАЙ

Охин минь үргэлж цэвэрхэн бай. Халтар болсон гарыг, хир болсон хувцсыг, загалтсан аягыг угааж болдог. Харин сэв суусан нэрийг хэзээ ч цэвэрлэж болдоггүй юм. Худалч, хулгайч, өөдгүй зальжин, өө сэв эрэгч гэдэг муу нэр болгоноос чиний нэр хол байг гэж ээж нь хүсдэг юм. Бусдын эд хөрөнгө, эдлэл хэрэглэл рүү хэзээ ч битгий шуналын нүдээр харж байг гэсэндээ ээж аав хоёр нь өдөр шөнөгүй хөдөлмөрлөж олсон жаахан мөнгөө та нарын аманд хийх амттан, бас мөрөнд углах хувцас болгон хувиргахдаа туйлын баяртай байдаг байсан. Амттан зүгээр л аманд уусаад арилдаг, өнгөлөг дэгжин хувцас ч гэсэн өгширч хувхайрдаг гэдгийг та нар сайн мэднэ.

ЧИНИЙ ХИЧЭЭЛ ЗҮТГЭЛ Л ЧАМАЙГ АВАРНА...

Ээж нь бурхан байдаг гэдэгт итгэдэг. Гэхдээ тэр бурхан миний сэтгэл зүрхэнд байдаг гэдэгт бүүр ч их итгэдэг. Намайг шантархад, намайг залхуурхад, намайг итгэл алдахад тэр бурхан дургүйцэж, өгөөмөр гараа татаж авдаг гэдэгт итгэдэг. Тиймээс өөрт оногдсон бүхнээ чин сэтгэлээсээ өөгүй цэвэрхэн хийхийг хичээдэг байсан юм. Чамд ч гэсэн ийм занг өвлүүлэх гэж дутуу угаасан аягыг чинь дахин дахин зүлгүүлж, дутуу шүүрдсэн хогийг заавал чамаар шүүрдүүлэх гэж загнадаг байсан юм. Охин минь чиний хичээл зүтгэл л чамайг аварна. Чи дарга болсон, цэрэг ч байсан хамаагүй, хамгийн гол нь юунд ч шантардаггүй, өөрийнхөө ажлыг өөлөхийн аргагүй сайн хийдэг байх хэрэгтэй. Тэр хөдөлмөрийн үр шимийг эргээд чи өөрөө л хүртэх болно.

Бяцхан үр минь нэг л өдөр ээж нь холоо явна. Ээжийнхээ хойноос уйлж шаналах огтхон ч хэрэггүй. Суварга босгож, маани, мэгзэм болж сандрах бүүр ч шаардлагагүй. Харин чи минь ээжийнхээ та нарт зориулан бичсэн цөөхөн хэдхэн өгүүлбэрийг заавал уншаарай. Энэ бол гэрээслэл юм. Үзэг, цааснаас өөр өвлүүлэх өв хөрөнгөгүй ядуу ч гэсэн үргэлж өөдрөг амьдарч, хайр, итгэл хүлээлт гурваар хөглөгдөж явсан , сэтгэлээрээ агуу баян хүний үр хүүхэддээ үлдээх өв юм. Хүн шиг хүн явж, хүн шиг амьдарч гэмээнэ чи ээждээ алтан суварга босгохоос илүү том буян үйлдэж байгаа чинь тэр юм. Тиймээс хичээнгүйлэн захисан хэдхэн үгийг минь үргэлж маани, мэгзэм мэт санаж яваарай.

Үргэлж загнадаг хэрнээ үнсэж аргаддаг байсан ижийгээ чи ихээ олон жилийн дараа, өөрөө ээж болсон тэр үе л ойлгоно. Яг тэр мөчид чи ээж нь чамд хичнээн их хайртай байсныг мэдрэх болно.